ГАЛУУТ НУТГИЙН ДОМОГТ ХУРДАН ХҮЛЭГ ТОМ ЧИХТ БОРЫН ТУХАЙ – Хадгалаад аваарай

Нэгэн цаг дор Галуут сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн адуун сүргээс гайхалтай хурдан ажнайн тод түүх олны дунд мөнхрөн үлдсэн байдаг.
Тус сумын нэрт адуучин, алдартай сайн уяач н.Түмэндэмбэрэл түүний хүү Т.Цэндээ нар уяж хурдлуулдаг байсныг сайн мэдэх юм. Намайг бага байхад манайхан айл, саахалт намрын намарт Давсан талын Хоолой худгийн ойролцоо намарждаг байв. Түмэн гуай гэж авгайлах Түмэндэмбэрэл гуайн адуунд уяж сойдог том чихт бор, пойшиг бор хэмээх жижигхэн бор морь. Тэдний хүү Бат-Очирын хондон гэх зэрэг хурдан хүлэг морьд байсныг өвгөн сэтгүүлч бийвээр өдгөөч тодоос тод санаж явдаг юм. Эл хурдан ажнайд олон онцгой чанарууд бийг манай нутгийнхан, алдарт уяач нар ам булаалдан ярилцдаг байлаа.
Том чихт борын угшил гарвал нь тэртээ 1910 оны үед өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжаваас Чин сүзэгт номун хан гэгээнд хоёр бор үрээ бэлгэнд өгснөөс гарвалтай юм билээ.
Тэр хоёр борыг Гэгээн сүргийн адууны даамал н.Шарав гуай явж нутагтаа авчирсан гэдэг. Улмаар хоёр бор үрээ адуун сүргийн манлай азарга болж тэдгээрийн үр төлөөс олон хурдан ажнай төрж гарсан юм билээ.
Баянхонгор аймгийн наадамд зургаан удаа түрүүлсэн Монгол улсын алдарт уяач Нанжидын Ядам агсны цагаан азарганы эх тал нь бор азарганы угшилын гүү байсан хэмээн учир мэдэх нутгийн хөгшчүүл, тухайн үеийнхэн сайн мэддэг байв.
Хожим Гэгээн сүргийн адууны даамал Шаравын хүү Чүлтэмд 300-гаад цагаан зүсмийн адуу үлдсэн бөгөөд энэ адууны угшил нь том чихт бор морь мөн гэсэн яриа бий юм билээ. Эндээс хурдан ажнайн сонирхолтой түүх шааш хөвөрдөг юм.
Том чихт бор 1966 онд долоон настайдаа сумынхаа наадамд айргийн таваар, дараа жил нь сумын наадмын аман хүзүүнд хурдалснаас хойш 1973, 1975 онуудад хүүхдээ унгасан бусад онуудад дараалан түрүүлсэн байдаг, 1979 онд 19 настайдаа аймгийн наадамд унаач хүүхэд нь ахмад дайчин, хүрз баатар хэмээн олноо алдаршсан Б.Амаржаргал гуайн хүү Мягмарсүрэн унаж түрүүлсэн байгаа юм. Мөн 1985 он хүртэл сум, бүсийн наадмуудад хурдалсаар хамгийн сүүлд 27 настай түрүүлсэн домогт хурдан хүлэг билээ. Том чихт бор том жижиг наадмаас 43 түрүү, найман айраг авч арваад удаа хүүхдээ булигаж унагасан байдаг.
Эл хурдан ажнайгманай нутгийнхан үхтлээ номроогүй адгуус гэдэг. 29 насандаа Мөнгөө хайрханы оройд гарч урд хоёр хөлөө урагш нь шийгээд толгойгоо хоёр хөлийнхөө дээгүүр сунган хагас босоо байрлалтай үхсэн гэдэг. Энэ морины тухай олон онцлогийг дурдаж болох авч түр азная.
Миний нутагт ийм л домогт хурдан ажнай байсныг, түүний эзнийх нь тухай хар бага наснаасаа сайн мэдэх юмдаа…
Түмэндэмбэрэл гуайнх хоёр хүүхтэй айл байв. Т.Бат-Очир нь Завхан аймгийн нэгэн суманд сум нэгдлийн даргаар ажиллаж байгаад насан өөд болсон.
Т.Цэндээ нь манай сумын нэртэй адуучин, сайн уургач алдарт уяач явсандаа хөөрхий.
Түүний ээжийг Дэжидмаа гэж ааш зан сайтай хүний хайлан байсан юм. Галуут нутгийн нэгэн гайхамшигт хурдан хүлгийн тухай товчон өгүүлхэд мийм бөлгөө…
Гайхамшигт Галуут минь. Галуут нутгийнхан минь ганцхан насанд заяасан олон гайхамшгийн өлгий билээ.
Эх сурвалж: Galuut.com